П.АРИУНАА| The Bull Hot Pot, Pepper Lunch брэндийн Гүйцэтгэх захирал
1. БльюМон Групптэй холбогдсон түүхээсээ хуваалцана уу.
Анх барменаар ажиллаж эхэлсэн юм. Тэр үеийн бармен нь салбарынхаа үйл ажиллагааг бүхэлд нь хариуцдаг байсан учраас миний хувьд нэлээд шандас сорьсон шүү.
Угтаа би эрх зүйч мэргэжилтэй. Аав, ээж хоёр маань хоёулаа багш хүмүүс учраас намайг мэргэжлээрээ ажиллана л гэж боддог байсан. Тиймээс үйлчилгээний салбарт ажиллах шийдвэрийг маань эхэндээ их эсэргүүцсэн дээ. Харин өнөөдөр тэдэндээ энэ салбартаа хүлээн зөвшөөрүүлээд 26 жилийг үджээ.
2. Ажилласан хугацаандаа хамгийн их бахархдаг ажил, төсөл тань юу вэ? Мөн ямар сорилттой тулгарч байв?
Tse брэндэд нэвтрүүлсэн “1 Dollar” концепц маань хамгийн дурсамжтай ажлуудын нэг. Барааны үнэ өсөж байсан үед бүх хоолоо нэг ам.доллароор санал болгож байлаа. Тухайн үеийн үйлчлүүлэгчид маань санаж байгаа байх аа.
Мөн The Bull Hot Pot-ыг 2017 оноос хариуцаж эхлэхдээ хийсэн миний хамгийн анхны ажил үйлчилгээний стандартыг боловсруулж, нэвтрүүлсэн маань тод санаанд үлджээ. Харин сүүлийн үеийн бахархалтай ажлын нэг нь Prime Meat-тай хамтран Pepper Lunch олон улсын франчайзад Монгол мах ашиглах онцгой эрх авсан явдал юм.
Сорилт гэвэл Pepper Lunch брэндийг Монголд нэвтрүүлсэн явдлыг онцолно. Тухайн үед дэлхий даяар 550 салбартай брэндийн Монгол дахь анхны салбарыг бид зардлаас эмээлгүйгээр, онцгой байршилд дэлхийд хамгийн том талбайтайгаар нээсэн юм.
Ер нь надад “шийдэж чадахгүй” гэсэн ойлголт байдаггүй. Болно гэж зорьсон бол аргыг нь олоод л болгодог. Харин борлуулалт буурах л намайг хамгийн их санаа зовоодог. Борлуулалтаас өөр юу ч намайг сэтгэл санаагаар унагаж чаддаггүй (инээв).

3. Таны ажлын арга барил, зарчим юу вэ? Түүнийгээ өдөр тутмын ажилдаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
Хариуцлага, чин сэтгэл хоёр.
Би ажилдаа бүх зүрх сэтгэлээ өгсөн хүн. Нөгөөтээгүүр удирдах ажил өдөр бүр шийдвэр гаргахыг шаарддаг учраас шийдвэр бүртээ хариуцлагатай хандаж, аль болох зөв шийдвэр гаргахыг хичээдэг. Буруу шийдвэрийн цаана цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний хөдөлмөр гээд олон зүйл алдагддаг. Тиймээс нэг зүйлийг хоёр хийхгүйн тулд шийдвэр бүрдээ хариуцлагатай хандахыг эрмэлздэг.
Мөн салбарын удирдлагуудтайгаа ажлын цагаар захирал нь, ажлын бус цагаар найз нь байхыг эрмэлздэг. Ингэснээр илүү сайн ойлголцол явагддаг.
4. Ажлын замналын тань хамгийн мартагдашгүй мөч юу вэ?
БльюМон Группийн 25 жилийн ойн үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан мөч. Энэ бол миний 25 жилийн хөдөлмөр байсан учраас үнэхээр их баярласан, өөрөөрөө бахархсан.
5. Нийтийн хоолны салбарт шинээр ажиллаж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Нийтийн хоолны ажил өөрөө “жаран чавганцын ажил” шүү дээ. Зөвхөн ширээний ард суугаад удирдах боломжгүй. Гал тогоонд орж, амталгаа хийж, хоолны хэрчилт, таваглалт, ажилтнуудын хувцаслалт гээд бүх зүйлд анхаарна. Рестораныхаа обойг хүртэл өөрөө 100 айл явж сонгоно. (инээв) Брэндийн чанар гэдэг жижиг деталь бүрээс бүрддэг. Тиймээс брэндийг бүрдүүлж байгаа бүх зүйлдээ эзэн нь болж ажиллаарай.
Мөн бүтээгдэхүүний шинэлэг байдал хамгийн чухал. Бид бүтээгдэхүүнээ нэг ч хонуулдаггүй, үргэлж шинээр нь ширээнд хүргэдэг. Энэ бол хэрэглэгчид биднийг сонгодог шалтгааны нэг.
Түүнчлэн хүний аманд орох хоол хийж байгаа учраас ямар сэтгэлээр хоол хийж байгаагаа анхаарах нь чухал. Сайхан сэтгэлээр, эерэг бодол тээж хийсэн хоол эргээд эерэг энерги л болж ирнэ шүү дээ. Тиймээс ажилтан бүрээсээ хувийн асуудлаа ажлын хаалганы цаана үлдээж, ажилдаа төвлөрөхийг хүсдэг.

