Б.ТЭЛҮҮГЭН | Converse Монгол дахь Гүйцэтгэх захирал, The North Face Монгол дахь Дэд захирал
1. БльюМон Групптэй холбогдсон түүхээсээ хуваалцана уу.
Анх олонхийн адил ажлын байрны зараар 2019 онд Брэнд менежерээр ажилд орж байлаа. Тухайн үед Nike (Official distributor of BlueMon) брэндийг сонирхон хэрэглэдэг, фэн нь байсан маань БльюМонд ажиллах сонирхлыг минь улам нэмэгдүүлсэн. Миний хувьд шинэ сорилт, суралцах боломж байсан гэх үү дээ.
2. Ажилласан хугацаандаа хамгийн их бахархдаг ажил, төсөл тань юу вэ? Үүний зэрэгцээ гарч байсан бэрхшээл юу байв? Энэ туршлагаас юу сурсан бэ?
Vans, Converse, The North Face зэрэг олон улсын брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл явцад оролцож ирсэндээ баяртай байдаг.
Брэнд бүр өөрийн гэсэн үнэт зүйл, зорилтот хэрэглэгч, зах зээлд эзлэх байр суурьтай учраас тэдгээрийг орон нутагт амжилттай хөгжүүлэхэд нэг арга барилаар ажиллах боломжгүй. Тус бүрдээ өөр өөр сегмент, хэрэглэгчийн сэтгэл зүй, бизнесийн загвартай. Жишээлбэл, Converse брэндийн хувьд хэрэглэгчдийнх нь 70 орчим хувь нь залуу эмэгтэйчүүд байдаг бол, The North Face-ийн тухайд илүү төлөвшсөн, чанар болон функц талыг чухалчилдаг худалдан авагчтай тул огт өөр байршуулалтын стратеги шаардсан. Тэгэхээр хамгийн гол нь эхлээд зорилтот хэрэглэгчдийнхээ сэтгэл зүйг бүрэн ойлгох, дараа нь тэдний хэлээр брэндийнхээ ДНХ болон үнэ цэнийг оновчтой хоногшуулах явдал гэдгийг сурч, судлаад явж байна даа.
3. Таны ажлын арга барил юу вэ? Түүнийгээ өдөр тутмын ажилдаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
Би урт болон богино хугацааны төлөвлөгөөгөө тусад нь гаргаж, өдөр тутмын ажлуудаа тэдгээртэйгээ уялдуулан эрэмбэлдэг.
Өмнөх өдөр нь ажлаа дуусгахын өмнө эсвэл өглөө ажилдаа ирээд хийх ажлуудаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, санаануудаа цэгцэлдэг. Ингээд ажлуудаа дарааллаар нь хэрэгжүүлж, гүйцэтгэлээ хянаад явдаг.
4. Ажлын замналын тань хамгийн мартагдашгүй, сонирхолтой мөч юу вэ?
Converse, Vans, The North Face зэрэг олон улсын брэндүүдийн төв оффисын баг, төлөөлөгчидтэй анх уулзсан мөчүүд миний хувьд хамгийн дурсамжтай. Тэдэнтэй уулзах нь тухайн брэндийг хэрэглэгчийн өнцгөөс бус, брэндийг бүтээж, хөгжүүлж, дэлхий даяар нэг ижил үнэ цэн, стандарттайгаар хүргэхийг зорьдог хүмүүсийн өнцгөөс ойлгох боломж байсан юм.
5. Брэнд менежментийн чиглэлээр шинээр ажиллаж эхэлж буй хүнд ямар зөвлөгөө өгөх вэ?
Юуны өмнө хариуцаж буй брэндийнхээ мөн чанар, үнэт зүйл, баримталдаг зарчмыг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн бүтээгдэхүүн, маркетингийн арга хэрэгслийг мэддэг байхаас илүү тухайн брэндийн “сүнс” буюу брэнд өөрөө юуг илэрхийлдэг, хэрэглэгчдэд ямар үнэ цэн хүргэхийг зорьдгийг ойлгох нь чухал.
Тиймээс түүнийг ойлгохын тулд шинэ зүйлд нээлттэй байж, асууж, судалж, суралцахаас битгий зайлсхийгээрэй.

